Tuesday, April 29, 2014

НОГООН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА АЗИД

НОГООН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА АЗИД
Ногоон худалдан авах ажиллагаа Азид: Япон улс
Засгийн газрын ногоон худалдан авалтын хууль 2000 онд батлагдаж, 2001 оноос дагаж мөрдөж байна. Хуулийн зорилго нь төрийн байгууллагын ногоон худалдан авалтыг урамшуулах, тэднийг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллээр хангах, ингэснээр байгаль орчинд ээлтэй тогтвортой нийгмийг бий болгоход оршино. Бүх төрийн яамд, агентлагууд жил бүр ногоон худалдан авалтын бодлого, төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд мөн үр дүнг нь тайлагнадаг. Бүх төрийн байгууллагууд жагсаалтаар заасан бараа, үйлчилгээг худалдан авах үүрэгтэй.
Хуулийн ерөнхий заалтууд нь:
1. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах "Үндсэн бодлого"-ыг жилд нэг удаа тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар байгуулах ба энэхүү бодлогод Ногоон худалдан авалтыг урамшуулах чиглэл, худалдан авахаар тодорхойлсон бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байна

2. Шүүх, яам, агентлагууд зэрэг байгууллага бүр тус тусын "Худалдан авалтын бодлого"-ыг энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаар боловсруулан гаргаж энэхүү бодлого дээр үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авна. Худалдан авалтын үр дүнг холбогдох удирдлагадаа мэдээллэх үүрэгтэй.
3. Орон нутгийн удирдах байгууллагууд мөн Ногоон худалдан авалтын бодлого боловсруулж үүн дээрээ тулгуурлан худалдан авалтын үйл ажиллагаагаа явуулдаг.
4. Бизнесийн байгууллага ба хувь хүмүүсийг заавал ногоон худалдан авалт хийхийг шаарддаггүй, харин тэднийг аль болох байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг ухамсраараа худалдан авахыг хүсдэг байна.
5. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ байгаль орчинтой холбоотой мэдээллээр хангах үүрэгтэй.
6. Эко тэмдэг олгодог байгууллагууд эко шошгоны хөтөлбөрөө илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын стандартад нийцүүлэн өргөжүүлэн ажиллах үүрэгтэй.
7. Засгийн газар нь үйлдвэрлэгч болон эко тэмдэг олгогч байгууллагаас гаргасан мэдээллийг зохицуулах, дүгнэлт хийх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх зохистой системээр хангах талаар анхаарч үзэх үүрэгтэй.
"Үндсэн бодлого"-ын ерөнхий тоймд:
- Байгаль орчинтой холбоотой шинж тэмдгийг илүү анхаарч, үнэ болон чанараас илүү чухалчлан үзнэ.
- Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн хүрээнд буюу үйлдвэрээс гараад хаягдал болох хүртэл байгаль орчинд нөлөөлөлж буй нөлөөллийг багасгахад анхаарлаа хандуулна.
- Бүтээгдэхүүн нь хүлэмжийн хийн ялгарал бага гаргадаг байхад анхаарна.
- Худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урт хугацаанд, зөв ашиглах, зохистой хаях (ангилан хаях).
Ногоон худалдан авалтын хууль гарснаар дараах ололт амжилтууд гарсан байна:
• Хууль хэрэгжихээс өмнө байгаль орчинд ээлтэй эко шошготой бүтээгдэхүүн 40 хүрэхгүй байсан бол өдгөө 246 төрлийн бүтээгдэхүүн болж өссөн ба 2004 оноос хойш үйлдвэрлэсэн бараг бүх автомашин бага хорт хий ялгаруулдаг болсон байна.

• Нийт зах зээл дээрх байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний хувь 2000 онд 13 хувь байсан бол 2006 он гэхэд 50.5 хувь болж өссөн. Яам агентлагийн худалдан авсан бичгийн цаасны жишээнээс харахад 2000 онд байгаль орчинд ээлтэй бичгийн цаас худалдан авалтын тоо 2005 оны худалдан авалтын тоотой харьцуулахад 300 хувь өсч жирийн цаасны худалдан авалтын тоо 50 хувиар буурсан байна. Үнийн хувьд 2000 онд нэг хайрцаг жирийн бичгийн цаасны үнэ байгаль орчинд ээлтэй бичгийн цааснаас таван ам.доллараар илүү үнэтэй байсан ч байгаль орчинд ээлтэй бичгийн цаасны худалдан авалт ихэссэнээр 2005 онд жирийн цаасны үнээс 1.5 ам.доллараар багассан байна.
Япон улсад ногоон худалдан авалтын сүлжээ (Green Purchasing Network-GPN) 1996 онд засгийн газар, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй хамтран байгуулсан. Одоогоор 2,800 орчим гишүүнтэй. (2,200 бизнесийн байгууллага, 300 төрийн байгууллага, 300 мэргэжлийн холбоо) Ногоон худалдан авалтын сүлжээ нь Японы ногоон худалдан авалтыг идэвхижүүлэхэд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Төрөл бүрийн эко бүтээгдэхүүн худалдан авалтын талаар гарын авлага боловсруулан баримталдаг бөгөөд ногоон бараа, үйлчилгээний мэдээллийн сан (12,000 орчим бараа, үйлчилгээ бүртгэлтэй) зочид буудлын мэдээллийн сан эрхлэх, ногоон бүтээгдэхүүн, худалдан авалтын урамшууллын систем хэрэгжүүлэх болон олон төрлийн сургалт, семинар идэвхитэй зохион байгуулж сурталчлахаас гадна ногоон худалдан авалтыг идэвхижүүлж дэлгэрүүлж байгаа байгууллагыг шагнах зэрэг үйл ажиллагааг явуулдаг.
Мөн Японы байгаль орчны холбоо (Japan Environment Association JEA) Эко оноо хөтөлбөр 1989 оноос хэрэгжүүлж буй бөгөөд 45 ангилалд 5,000 орчим бүтээгдэхүүн эко шошго чанарын баталгааны сертификаттай ажээ.


No comments:

Post a Comment