Tuesday, April 29, 2014

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО

НОГООН ХУДАЛДАН АВАЛТЫН БОДЛОГО
Сүүлийн үед төрийн худалдан авалтын ажиллагаанд яригдаж буй шинэлэг гэж хэлж болохоор ойлголт бол ногоон худалдан авалт юм. "Ногоон худалдан авалт" гэдэг нь аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэ ба чанарыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзэж сонголт хийхэд оршдог бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг гол арга хэрэгсэл юм.
Ногоон хөгжлийг хэрэгжүүлж буй гадаадын туршлагаас харахад төв, орон нутгийн төсвийн байгууллагууд ногоон худалдан авалт хийх асуудлуудыг төрийн зүгээс хуульчлан тогтоодог бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд түлхэц болдог байна.
Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчны бохирдолт бага гаргадаг бүтээгдэхүүн юм. Ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахин ашигласан материалаар хийсэн бүтээгдэхүүний зах зээл нэмэгддэг. Ногоон бүтээгдэхүүний тоо, үйлдвэрлэл нэмэгдэж байгаль орчинд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, эх дэлхийд тулгамдаж байгаа усны, эрчим хүчний, хог хаягдлын асуудлууд багасах сайн талтай юм.
Тулхтай хөгжил буюу тэнцвэрт эдийн засгийн (sustainable economic development) хөгжлийн анхаарал хандуулдаг гол үндсэн асуудал нь ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал бөгөөд ногоон эдийн засгийг дэмжих талаар улс орнууд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна. 
• Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх
• Бүтээгдэхүүний ангилал, төрөл тус бүрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
• Бүртгэлд орсон бүтээгдхүүнүүдийн худалдан авах ажиллагаанд давуу эрх олгох
• Ногоон буюу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг татварын болон худалдан авалтын бодлогоор дэмжих
• Олон нийтэд сурталчлах
• Судалгаа, шинжилгээний зардал, нөхөн олговор олгох, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг болно.


No comments:

Post a Comment